Image placeholder

Монгол Улс: Коронавирусийн Халдварын Цар Тахал Монгол Улсын Олборлох Салбар Болон Байгалийн Баялгийн Засаглалын Асуудалд Үзүүлж Буй Нөлөөллийн Эхний Үнэлгээ

English »

Энэхүү баримт нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ээс улс орнуудад өрнөж буй цар тахал, түүний эдийн засгийн үр нөлөөг хураангуйлсан цуврал тойм мэдээний нэг юм. Уг баримтад агуулагдсан дүн шинжилгээ нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөх тул тухай бүр шинэчилж байх болно.

Гол асуудлууд

  • Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ юм. Коронавирусийн халдварын цар тахлын улмаас эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний улиралд 2019 оны мөн үеэс 40 хувиар буурсан.
  • Монгол Улс вирусийн дэгдэлтийн эхэн үед Хятадтай хиллэдэг хилээ хааснаар нүүрсний экспорт буурсан. Хилээ дахин нээснээс хойш тавдугаар сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ өсч цар тахлын өмнөх үеийн түвшиндээ ойртсон.
  • Зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас Рио Тинто компанийн Оюу толгой төслийн ихээхэн ач холбогдол бүхий далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа улам сунжрахаар байна.
  • Коронавирусийн халдварын цар тахал болон түүнээс үүдэн бий болж буй эдийн засгийн сорилтууд нь Монгол Улсын Хятадаас хамааралтай байдал болон улсын өрийн түвшин өндөр байгааг тодотгож байна.  

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨНИЙ ТОЙМ

Монгол Улсын эдийн засаг цар тахал, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас ихээхэн хүндрэх магадлалтай байна. 2020 оны нэгдүгээр улиралд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10.7 хувиар, экспорт 41.5 хувиар, импорт 9.7 хувиар тус тус буурсан байна. Эрдсийн бүтээгдэхүүний гарц бараг 30 хувиаар буураад байна. Цар тахлын нөлөөнд нэлээн өртөж байгаа бас нэг салбар нь уул уурхайн салбартай нягт холбоотой тээврийн салбар юм. Азийн хөгжлийн банк (АХБ)-аас саяхан Монгол Улсын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6.1 хувиас 2.1 хувь болгон бууруулсан. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг анх 5.4 хувь гэж тодорхойлж байснаа бууруулж, 2020 онд хасах 1 хувийн өсөлттэй байна хэмээн таамаглаж буйгаа илэрхийлсэн.   
 
Монгол Улс эдийн засгийн гэнэтийн хүндрэлтэй тэмцэх, түүнийг даван туулах хязгаарлагдмал чадамжтай. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ харьцангуй их бөгөөд ойролцоогоор ДНБ-ийн 70 хувийг эзэлж байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын бондын эргэн төлөлтийн хугацаа ойртож байна. Хамгийн чухал асуудлуудын нэг бол БНХАУ  болон Монгол Улсын төв банкуудын хооронд хийгдсэн своп хэлцэл бөгөөд энэхүү хэлцлийн дагуу Монгол Улсад 2 тэрбум ам.долларын өр үүсээд байгаа юм. Эдийн засгийн уналтын энэ үед энэхүү хэлцлийн хугацааг сунгах тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улс Хятадтай цаашид хэлэлцээр хийхэд бэрхшээл үүсч, өрийг эргэн төлөхөд олборлох салбарын орлогыг зориулах шаардлага бий болохоор байна.
 
Дэлхийн банк* болон АХБ** цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж олгосон. Мөн Дэлхийн банк 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад 5.1 их наяд төгрөгийн (1.8 тэрбум ам.доллар)  эдийн засгийг сэргээх хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Цар тахлын бий болгож буй эдийн засгийн хямрал нь Монгол Улс эрдсийн бүтээгдэхүүний экспорт болон Хятадаас хэт хамааралтай болохыг улам бататган харуулж байна. Гадаад худалдааны хувьд 2019 оны байдлаар Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг Хятад бүрдүүлж байна. Хятад нь өөрийн хилийн бүсэд байрлах боловсруулах болон хайлуулах үйлдвэртээ Монголын түүхий эдийг худалдан авдаг гол түнш юм. Монголын говь дахь уул уурхайн бусэд эрчим хүч дотоодоосоо нийлүүлэх асуудлаа шийдвэрлээгүй байгаа бөгөөд БНХАУ Монголын уул уурхайн гол төсөл болох Оюу толгойд эрчим хүч нийлүүлсэн хэвээр байна. Хятадад нөхцөл байдал тогтворжих нь Монголын уул уурхайн салбар болон эдийн засагт чухал ач холбогдолтой. Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй холбогдсон экспортын бууралт удаан үргэлжилбэл Монгол Улсын төлбөрийн тэнцвэр хүндэрч, Төв банкнаас төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд гадаад валютын нөөц 4 тэрбум ам.доллар шавхагдах магадлалтай байна. 

ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Монгол Улс түүхий газрын тосыг бага хэмжээгээр (жил тутам 6-аас 8 сая баррел) олборлож, түүнийгээ Хятадад экспортолдог. Хилийн хязгаарлалтын улмаас түүхий газрын тосны экспорт буурсан бөгөөд энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл дахин сайжрахгүй байх төлөвтэй байна. 2020 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улс ердөө 322 мянган баррел газрын тос экспортлоод байгаа нь 2019 оны мөн үеийн экспортын ойролцоогоор 20 хувьтай тэнцэж байна. 

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Экспортын голлох бүтээгдэхүүнүүд нь нүүрс, зэсийн баяжмал бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний улиралд 2019 оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан байна. Монгол Улс цар тахлын харьцангуй эхэн үед (2020 оны нэгдүгээр сарын сүүлээр) хилээ хаасантай холбогдуулан бусад олон улстай харьцуулахад худалдааны гэнэтийн цохилтыг харьцангуй эртнээс мэдрээд байна.
 
Нүүрсний үнэ тогтвортой хэвээр байна. Эхний улиралд экспортын хэмжээ буурсан гол шалтгаан нь Хятадтай хиллэх хилээ хаасантай холбоотой байсан. Хилээ буцаан нээсэн (Монгол Улсын Засгийн газар  гуравдугаар сарын 23-ны өдөр нүүрсний тээвэрлэлтээ түр хугацаагаар зогсоосон хязгаарлалтыг цуцалсан) хэдий ч хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нарт хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн хатуу шаардлагууд нь экспортод сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Гэхдээ тавдугаар сарын дунд үеийн байдлаар Хятадад гаргах нүүрсний тээвэрлэлт цар тахлаас өмнөх үеийн түвшинд ойртсон үзүүлэлттэй гарсан.
 
Монгол, Хятадын засгийн газрууд хэлэлцээр хийж, БНХАУ Монгол Улсаас авах зэсийн баяжмалын экспортоо зогсоохгүй болохыг харилцан баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулан Оюу толгой болон Эрдэнэт үйлдвэрээс нийлүүлэх зэсийн баяжмалын экспортод их хэмжээний хүндрэл учраагүй (гэхдээ 2020 оны эхний дөрвөн сарын турш зэсийн үнэ буурсан). Барилга байгууламжийн ажилд голлох үүрэг гүйцэтгэдэг гадаадын инженер, менежерүүдийг Монгол Улсад авчрахтай холбогдсон бэрхшээлүүд Оюу толгойн удаан хүлээгдсэн далд уурхайн бүтээн байгуулалтын явцыг удаашруулж байна. 
 
Хятад руу нүүрс болон зэс тээвэрлэж байгаа хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар хил дээр вирусийн шинжилгээ хийлгэх үүрэгтэй бөгөөд хэрэв шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар илэрвэл хөл хорионд орох юм. Хэрэв коронавирусийн өвчлөлийн тохиолдол огцом нэмэгдвэл Монгол Улс хилээ дахин хаах магадлалтай. Үүнээс харвал Монголын зэсийн баяжмал болон нүүрсний экспортын зардал дээр нэмээд тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн томоохон хүндрэл бий болох эрсдэл байсаар байна гэсэн үг юм.
 
Алтны үнийн өсөлттэй холбоотойгоор алт олборлолтод цар тахлын үзүүлэх нөлөө эерэг байхаар харагдаж байгаа бөгөөд Засгийн газраас энэ салбарыг чухалчилан авч үзэхээр байгаа. Гэсэн хэдий ч байгаль орчны стандарт болон Засгийн газрын орлогын хэмжээг эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм. Ихэнх олборлосон алтыг Монголбанк худалдан авч, худалдан авсан алтаа гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эсвэл нээлттэй зах зээлд арилжаалах зорилгоор дахин боловсруулалтанд илгээдэг. Оюу толгой компанийн олборлосон алтыг зэсийн баяжмалын хамт Хятадын хайлуулах үйлдвэрт худалддаг. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2020 оны эхний улиралд Монголбанкинд худалдсан алтны хэмжээ нэлээд нэмэгдсэн байна. Монголбанкны ерөнхий эдийн засагч үүнийг цар тахлын үед алтны үнэ өссөн эсвэл хил хааснаас алтны хууль бус худалдаа үндсэндээ боломжгүй болсонтой холбоотой гэж тайлбарласан.
 
Ерөнхийдөө нөхцөл байдал сайжрахгүй хэвээр үргэлжилбэл уул уурхай, дэд бүтцийн төслүүдэд шинээр оруулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хүндрэл үүсэхээр байна. Олборлох салбарын зарим төслүүд, тухайлбал Таван толгой болон Оюу толгойн уурхайг Хятадын хилтэй холбох хүнд даацын замыг шинэчлэх эсхүл Таван толгойгоос Хятадын хил хүртэлх төмөр замын төслүүдийг хойшлуулахад хүрч магадгүй. Хөрөнгө оруулалтын бууралт удаан үргэлжлэх нь хөрөнгө оруулагчдыг татах бодлогод өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгож, Засгийн газрын хэлэлцээр хийх чадварыг бууруулж, улмаар шинэ хөрөнгө оруулалтаас олж авах Монгол Улсын орлого, үр ашгийг бууруулах үр дагавартай байж болзошгүй. Мөн Засгийн газрын зүгээс уул уурхайн компаниудын төрийн эзэмшлийг нэмэгдүүлэхийг илүү үзэж болзошгүй.
 
Засгийн газраас Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн барих цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг саяхан танилцуулсан. Цахилгаан станц нь Оюу толгой зэрэг гол уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангана. Төслийн зардал ойролцоогоор 500-600 сая ам.доллар гэж урьдчилан тооцоолоод байна. Олон санхүүжүүлэгчид нүүрснээс зайлсхийж байгаа энэ үед Засгийн газар эдгээр санхүүжилтийг босгож чадах эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдрийн байдлаар Оюу толгой компани Хятадаас худалдан авч буй эрчим хүчинд жилд ойролцоогоор 150-200 сая ам.долларыг төлж байна.

ОЛБОРЛОХ САЛБАРААС ОЛОХ ОРЛОГОД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Уул уурхайгаас олох орлого Засгийн газрын орлогын 25 орчим хувийг бүрдүүлж байна. Цар тахлын улмаас эрэлт буурч, үнэ унаснаас шалтгаалан Засгийн газрын орлого  нэлээд хэмжээгээр буурахаар байна. Дээр дурдсанчлан Монгол Улс нь зөвхөн нэг зах зээлд (БНХАУ) нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай. Газрын тосны экспортоос олох орлого харьцангуй бага боловч газрын тосны экспорт болон үнийн бууралт нь Засгийн газрын орлогын хомсдолыг улам нэмэгдүүлнэ.

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЗАСАГЛАЛЫН АСУУДАЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Монгол Улс нь газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын талаарх дэлхий дахины сайн засаглалын хэм хэмжээг тогтоодог Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)-ын гишүүн улс билээ. ОҮИТБС-ын албан ёсны үйл явц бага зэргийн удаашралтайгаар үргэлжлэх боловч санаачилгын хүрээнд төлөвлөсөн шинэчлэл хойшлогдож болзошгүй байна. Шинэчлэл гэдэгт эцсийн өмчлөгчийг ил тод болгох тухай хууль, эрх зүйн үндэс, хэрэгжүүлэх журмыг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдлыг хангах, олон нийтийн зөвлөгөөн, оролцооны боломжийг хангах, баталгаажуулах зэрэг асуудлууд хамаарна.
 
Монгол Улсын Их Хурал Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлаад удаагүй байна. Тус хууль нь иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Тухайлбал, тус хуулиар хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд хяналт тавих, хязгаарлах, хувь хүн, хуулийн этгээдэд олж авсан мэдээллээ эрх бүхий байгууллагад ил тод болгохыг үүрэгжүүлсэн байна. Мөн Засгийн газраас эдийн засгийн арга хэмжээ авахад зориулж төсвийн хэвийн журмыг түр зогсоож, арга хэмжээтэй холбогдсон асуудлаар үүсэх аливаа маргааныг иргэний нийгэм, хувь хүмүүсийн хувьд хугацаа шаардсан, зардал их хэлбэрээр зөвхөн шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр тус тус заасан.

ЦААШДЫН ТААМАГЛАЛ

Монгол Улсын өр, Засгийн газраас зарласан эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон коронавирусийн халдварын цар тахлын улмаас Хятадад гаргах нүүрс болон зэсийн экспортын тодорхойгүй байдал нь Засгийн газраас санхүүгийн тогтвортой байдлаа илүү анхааралтайгаар хянахыг шаардаж байна. Монгол Улс Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг амжилттай сунгаж чадах эсэх, Хятадад гаргах нүүрс болон зэсийн экспортыг тогтвортой, тасалдалгүйгээр үргэлжлүүлж чадах эсэх нь Монголын хувьд чухал ач холбогдолтой асуудал болоод байна.
 
Санхүүгийн дүрэм журамд нийцүүлэх, их хэмжээний хөрөнгийн зардал, ялангуяа олборлох салбарт хэрэгжүүлж буй төслүүд, төрийн өмчит компаниудад тавих хяналтыг чангатгах нь чухал байна. Орлогын менежмент дэх төрийн өмчит компаниудын хүлээж буй үүргийг ил тод болгох зэрэг уул уурхайн орлогын сайн менежмент нь чухал хэвээр байна. Авлигын эрсдлийг тооцоолж, олборлох салбарын томоохон төслүүдийг ил тод, нээлттэй байлгаж, илүү сайн хяналтыг хэрэгжүүлэх нь мөн чухал нөлөөтэй.

* Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зориулж КОВИД-19-ийн яаралтай тусламжийн сангаас 26.9 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Мөн Цахим эрүүл мэнд төслөөс 2.2 сая ам.долларыг эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан хуваарилж, Европын Холбооноос санхүүжилттэй КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн Засаглалыг бэхжүүлэх төслөөс 750 мянган ам.долларыг тус тус дахин хуваарилсан байна.
** АХБ-аас коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, коронавирусийн цар тахлын үеийн бэлэн байдлыг сайжруулахад зориулж Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төслөөс 1.4 сая ам.долларын дахин хуваарилалт хийсэн. Энэхүү санжүүжилтийн арга хэмжээнд мөн 225 мянган ам.долларын техник туслалцааны төсөл багтаж байна.

Намхайжанцангийн Дорждарь нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер.

Authors

Countries
Mongolia
Regions
Asia-Pacific