Image placeholder

Монгол Улс: Коронавирусийн Халдварын Цар Тахал Монгол Улсын Олборлох Салбар Болон Байгалийн Баялгийн Засаглалд Үзүүлж Буй Нөлөөллийн Шинэчилсэн Үнэлгээ

English »

Энэхүү үнэлгээ нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ээс улс орнуудад дэгдэн буй цар тахал, түүний эдийн засгийн үр нөлөөг хураангуйлсан цуврал тойм мэдээ-ний нэг юм. Уг баримтад агуулагдсан дүн шинжилгээ нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөх тул тухай бүр шинэчилж байх болно.

Гол асуудал

  • Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ юм. Коронавирусийн халдварын цар тахлын улмаас эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үеэс 30 хувиар буурсан.
  • Монгол Улс вирусийн дэгдэлтийн эхэн үед Хятадтай хиллэдэг хилээ хааснаар нүүрсний экспорт буурсан. Хилээ дахин нээснээс хойш тавдугаар сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ өсөж цар тахлын өмнөх үеийн түвшиндээ ойртсон.
  • Аялах болон зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас Рио Тинто компанийн Оюу толгой төслийн ихээхэн ач холбогдол бүхий далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа улам сунжрахаар байна.
  • Коронавирусийн халдварын цар тахал болон түүнээс үүдэн бий болж буй эдийн засгийн сорилтууд нь Монгол Улсын Хятадаас хамааралтай байдал болон улсын өрийн түвшин өндөр байгааг улам тод харуулж байна.

Коронавирусийн халдварын цар тахлын эдийн засгийн нөлөөний тойм

Монгол Улсын эдийн засаг цар тахал, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас ихээхэн хүндрэх магадлалтай байна. 2020 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 9.7 хувиар буурсан. 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үеэс экспорт 16.9 хувиар, импорт 15.6 хувиар тус тус буурсан байна. Эрдсийн бүтээгдэхүүний гарц 25.5 хувиар буураад байна. Цар тахлын нөлөөнд нэлээн өртөж байгаа бас нэг салбар нь уул уурхайн салбартай нягт холбоотой тээврийн салбар юм. Есдүгээр сард Азийн хөгжлийн банк (АХБ)-аас Монгол Улсын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг дөрөвдүгээр сард 2.1 хувь гэж тооцсоныг - 2.6 хувь болгон дахин бууруулсан.

Эдийн засгийн гэнэтийн хүндрэлтэй тэмцэх, түүнийг даван туулах Монгол Улсын чадамж хязгаарлагдмал юм. Улсын гадаад өрийн хэмжээ харьцангуй их бөгөөд ойролцоогоор ДНБ-ийн 70 хувийг эзэлж байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын бондын эргэн төлөлтийн хугацаа ойртож байна. Хамгийн чухал асуудлуудын нэг бол БНХАУ  болон Монгол Улсын төв банкуудын хооронд хийгдсэн своп хэлцэл бөгөөд энэхүү хэлцлийн хугацаа 2020 онд дуусахаар төлөвлөгдсөн. Наймдугаар сард Монголбанк энэхүү 15 тэрбум юань (2.2 тэрбум ам.долларын дүнтэй зээл) солилцох своп хэлцлийг 2023 он хүртэл сунгасан тухай мэдээлсэн. Монгол Улс Номад нэртэй 5.1 хувийн хүүтэй бонд гаргаж, хугацаа нь дуусаж буй өмнөх бондуудын өрийг төлөхөөр 600 сая ам.доллар босгосон талаар аравдугаар сард мэдээлэв.

Дэлхийн банк* болон АХБ** цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж олгосон. Дэлхийн банк цар тахлын улмаас үүсэж буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Засгийн газартай нягт хамтран ажиллаж, хариу арга хэмжээ авахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цар тахлын бий болгож буй эдийн засгийн хямрал нь Монгол Улс эрдсийн бүтээгдэхүүний экспорт болон Хятадаас хэт хамааралтай болохыг улам бататган харуулж байна. Гадаад худалдааны хувьд 2019 оны байдлаар Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг Хятад бүрдүүлж байна. Хятад нь өөрийн хилийн бүсэд байрлах боловсруулах болон хайлуулах үйлдвэртээ Монголын түүхий эдийг худалдан авдаг гол түнш юм. Монголын говь нутаг дахь уул уурхайн бүсэд эрчим хүч дотоодоосоо нийлүүлэх асуудлаа шийдвэрлээгүй байгаа бөгөөд БНХАУ Монголын уул уурхайн гол төсөл болох Оюу толгойг эрчим хүчээр хангасан хэвээр байна. Хятадад нөхцөл байдал тогтвортой байх нь Монголын уул уурхайн салбар болон эдийн засагт чухал ач холбогдолтой. Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн энэ үед экспортын удаан хугацаанд буурвал Монгол Улсын төлбөрийн тэнцвэр хүндэрч, Төв банкнаас төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд гадаад валютын нөөц болох 3.6 тэрбум ам.долларыг зарцуулж, уг нөөц шавхагдах магадлалтай. Төсвийн алдагдал 1.4 тэрбум ам.доллар хүрч өссөн, энэ нь өрийн дарамтыг нэмэгдүүлж байсан тул Улсын Их Хурал наймдугаар сарын сүүлээр хуралдаж 2020 оны төсвийг тодотгон баталсан.

Газрын тос, байгалийн хийн салбарт үзүүлэх нөлөө

Монгол Улс түүхий газрын тосыг бага хэмжээгээр (жил тутам 6-аас 8 сая баррель) олборлож, түүнийгээ Хятадад экспортолдог. Хилийн хязгаарлалтын улмаас түүхий газрын тосны экспорт буурсан бөгөөд төдийлөн сэргээгүй байна. 2020 оны эхний найман сарын байдлаар Монгол Улс ердөө 1.8 сая баррель газрын тос экспортлоод байгаа нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 50-аас илүү хувиар буурсан байна.

Уул уурхайн салбарт үзүүлэх нөлөө

Экспортын голлох бүтээгдэхүүнүүд нь нүүрс, зэсийн баяжмал бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар буурсан байна. Монгол Улс цар тахлын харьцангуй эхэн үед (2020 оны нэгдүгээр сарын сүүлээр) хилээ хаасантай холбогдуулан бусад олон улстай харьцуулахад худалдааны огцом цохилтыг харьцангуй эртнээс мэдрээд байна.

Нүүрсний үнэ тогтвортой хэвээр байна. Эхний улиралд экспортын хэмжээ буурсан гол шалтгаан нь Хятадтай хиллэх хилээ хаасантай холбоотой байсан. Хилээ буцаан нээсэн (Монгол Улсын Засгийн газар  гуравдугаар сарын 23-ны өдөр нүүрсний тээвэрлэлтээ түр хугацаагаар зогсоосон хязгаарлалтыг цуцалсан) хэдий ч хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нарт тавигдаж буй эрүүл мэндийн хатуу шаардлагууд нь экспортод сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Долоодугаар сарын дунд үе гэхэд Хятадад гаргах нүүрсний тээвэрлэлт цар тахлаас өмнөх үеийн түвшинд ойртсон үзүүлэлттэй гарсан. Гэхдээ нүүрсний нийт экспорт 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үетэй харьцуулахад бараг 40 хувиар буурсан.

Монгол, Хятадын засгийн газрууд хэлэлцээр хийж, БНХАУ Монгол Улсаас авах зэсийн баяжмалын экспортоо зогсоохгүй болохыг баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулан Оюу толгой болон Эрдэнэт үйлдвэрээс нийлүүлэх зэсийн баяжмалын экспортод их хэмжээний хүндрэл учраагүй (гэхдээ 2020 оны эхний дөрвөн сарын турш зэсийн үнэ буурсан). Барилга байгууламжийн ажилд голлох үүрэг гүйцэтгэдэг гадаадын инженер, менежерүүдийг Монгол Улсад авчрахтай холбоотой бэрхшээлүүд Оюу толгойн удаан хүлээгдсэн далд уурхайн бүтээн байгуулалтын явцыг удаашруулж байна. 

Хятад руу нүүрс болон зэс тээвэрлэж байгаа хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар хил дээр вирусийн шинжилгээ хийлгэх үүрэгтэй бөгөөд хэрэв шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар илэрвэл хөл хорионд орох юм. Хэрэв коронавирусийн өвчлөлийн тохиолдол огцом нэмэгдвэл Монгол Улс хилээ дахин хаах магадлалтай. Үүнээс харвал Монголын зэсийн баяжмал болон нүүрсний экспортын зардал дээр нэмээд тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн томоохон хүндрэл бий болох эрсдэл байсаар байна гэсэн үг юм.

Алтны үнийн өсөлттэй холбоотойгоор алт олборлолтод цар тахлын үзүүлэх нөлөө эерэг байхаар харагдаж байгаа бөгөөд Засгийн газраас энэ салбарыг чухалчлан авч үзэж байна. Хэдий чухал ач холбогдолтой ч байгаль орчны стандартыг сахин мөрдүүлэх, Засгийн газрын орлогыг бүрдүүлэхэд эрсдэл үүсгэхгүй байх нь чухал юм. Олборлосон алтны ихэнхийг Монголбанк худалдан авч, дахин боловсруулалтад илгээдэг бөгөөд алтыг гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эсвэл нээлттэй зах зээлд арилжаалахад ашиглаж байна. Оюу толгой компанийн олборлосон зэсийн баяжмал дахь алтыг Хятадын хайлуулах үйлдвэрт худалддаг. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2020 оны эхний улиралд Монголбанканд худалдсан алтны хэмжээ нэлээд нэмэгдсэн байна. Монголбанкны ерөнхий эдийн засагч үүнийг цар тахлын үед алтны үнэ өссөн эсвэл хил хааснаас алтны хууль бус худалдаа үндсэндээ хумигдсантай холбон тайлбарласан.

Нөхцөл байдал ерөнхийдөө сайжрахгүй удаан үргэлжилбэл уул уурхай, дэд бүтцийн төслүүдэд шинээр оруулах хөрөнгө оруулалтад хүндрэл үүсэхээр байна. Олборлох салбарын зарим төслүүд, тухайлбал Таван толгой болон Оюу толгойн уурхайг Хятадын хилтэй холбох хүнд даацын замыг шинэчлэх эсхүл Таван толгойгоос Хятадын хил хүрэх төмөр замын төслүүдийг хойшлуулахад хүрч магадгүй. Хөрөнгө оруулалтын хомсдол удаан үргэлжлэх нь хөрөнгө оруулагчдыг татах бодлогод өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгож, Засгийн газрын хэлэлцээр хийх байр суурийг сулруулж, улмаар шинэ хөрөнгө оруулалтаас олж авах Монгол Улсын орлого, үр ашгийг бууруулах үр дагавартай байж болзошгүй. Мөн Засгийн газрын зүгээс уул уурхайн компаниудын төрийн эзэмшлийг нэмэгдүүлэхийг илүүд үзэж болзошгүй.

2020 оны есдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газар болон Оюу толгой ХХК тус компанийн төслийг дотоодоос цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурсан. Засгийн газраас Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн барих цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй. Цахилгаан станц нь Оюу толгой зэрэг гол уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах юм. Төслийн зардал ойролцоогоор 500-600 сая ам.доллар гэж урьдчилан тооцоолоод байна. Олон санхүүжүүлэгчид нүүрснээс зайлсхийж байгаа энэ үед Засгийн газар эдгээр санхүүжилтийг босгож чадах эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдрийн байдлаар Оюу толгой компани Хятадаас худалдан авч буй эрчим хүчинд жилд ойролцоогоор 150-200 сая ам.долларыг төлж байна.

Олборлох салбараас олох орлогод үзүүлэх нөлөө

Уул уурхайгаас олох орлого Засгийн газрын орлогын 25 орчим хувийг бүрдүүлж байна. Цар тахлын улмаас эрэлт буурч, үнэ унаснаас шалтгаалан Засгийн газрын орлого  нэлээд хэмжээгээр буурахаар байна. Дээр дурдсанчлан Монгол Улс нь зөвхөн нэг зах зээлд (БНХАУ) нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай. Газрын тосны экспортоос олох орлого харьцангуй бага боловч газрын тосны экспорт болон үнийн бууралт нь Засгийн газрын орлогын хомсдолыг улам даамжруулна.

Байгалийн баялгийн засаглалын асуудалд үзүүлэх нөлөө

Монгол Улс нь газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын хувьд олон улсад сайн засаглалын хэм хэмжээг тогтоодог Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын гишүүн улс билээ. ОҮИТБС-ын хүрээнд тайлан гаргах албан ёсны үйл явц бага зэргийн удаашралтайгаар үргэлжилж байгаа  боловч санаачилгын хүрээнд хийгдэх ёстой шинэчлэлүүд хойшлогдож болзошгүй байна. Шинэчлэл гэдэгт эцсийн өмчлөгчийг ил тод болгох тухай хууль, эрх зүйн үндэс, хэрэгжүүлэх журмыг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдлыг хангах, олон нийтийн зөвлөлдөх, оролцох боломжийг хангах, баталгаажуулах зэрэг асуудлууд хамаарна.

Монгол Улсын Их Хурал Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлаад удаагүй байна. Тус хууль нь иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Тухайлбал, тус хуулиар хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд хяналт тавих, хязгаарлах, хувь хүн, хуулийн этгээдэд олж авсан мэдээллээ эрх бүхий байгууллагад ил тод болгохыг үүрэгжүүлсэн байна. Мөн Засгийн газраас эдийн засгийн арга хэмжээ авахад зориулж төсвийн хэвийн журмыг түр зогсоож, арга хэмжээтэй холбогдсон асуудлаар үүсэх аливаа маргааныг иргэний нийгэм, хувь хүмүүсийн хувьд хугацаа шаардсан, зардал их хэлбэрээр зөвхөн шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020 оны зургаадугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдаж, эрх баригч Монгол Ардын Нам дийлэнх олонхын санал авч, намын дарга нь ерөнхий сайдаар дөрвөн жилийн хугацаатай улиран сонгогдлоо. Тэрээр өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд үүнд Монгол Улсын баялгийн сангийн тухай хууль батлах зэрэг олборлох салбарын засаглалын асуудлууд багтсан.

Цаашдын таамаглал

Монгол Улсын өр, Засгийн газраас зарласан эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон коронавирусийн халдварын цар тахлын улмаас Хятадад гаргах нүүрс болон зэсийн экспортын тодорхойгүй байдал нь Засгийн газраас санхүүгийн тогтвортой байдлаа нухацтай хянахыг шаардаж байна.

Төсвийн дүрэм буюу тусгай шаардлагуудыг дахин биелүүлж эхлэх, их хэмжээний хөрөнгийн зардал, ялангуяа олборлох салбарт хэрэгжүүлж буй төслүүд, төрийн өмчит компаниудад тавих хяналтыг чангатгах нь чухал байна. Орлогыг удирдахад төрийн өмчит компаниудын гүйцэтгэж буй үүргийг ил тод болгох зэрэг уул уурхайн орлогын сайн менежмент чухал хэвээр байна. Авлигын эрсдэлийг тооцоолж, олборлох салбарын томоохон төслүүдийг ил тод, нээлттэй байлгаж, илүү сайн хяналтыг хэрэгжүүлэх нь чухал нөлөөтэй.

*Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зориулж КОВИД-19-ийн яаралтай тусламжийн сангаас 26.9 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Мөн Цахим эрүүл мэнд төслөөс 2.2 сая ам.долларыг эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан хуваарилж, Европын Холбооноос санхүүжилттэй КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн Засаглалыг бэхжүүлэх төслөөс 750 мянган ам.долларыг тус тус дахин хуваарилсан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжих зорилгоор 15 сая ам.доллар тусламж үзүүлнэ. Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийн төслийн хүрээнд 20 сая ам.долларыг ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүжүүлж байна. Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд 5 сая ам.долларыг Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн хөтөлбөрт зориулан санхүүжүүлнэ. Цар тахлын онцгой байдлын сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.

**АХБ-аас коронавирусийн цар тахлын эсрэг Монгол Улсын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг нэмж олгохоор шийдвэрлэсэн. Коронавирусийн цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн төслийн хүрээнд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгоно.

Шинжээчийн тухай

Намхайжанцангийн Дорждарь нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер юм.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь бодлогын судалгаа хийх, чадавх хөгжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих замаар тухайн улс орны иргэд газрын тос, байгалийн хий, уул уурхайн баялгийнхаа үр шимийг хүртэхэд туслалцаа үзүүлдэг олон улсын хараат бус, ашгийн бус байгууллага юм. Нэмэлт мэдээллийг www.resourcegovernance.org вэбсайтаас авна уу.


Authors

Countries
Mongolia
Regions
Asia-Pacific