Image placeholder

Монгол Улсын орлого хуваарилах олон туршлагаас сургамж эрэх нь

English »

Монгол Улсын Засгийн газар хоёр сая гаруй иргэддээ 96,480 хүртэл төгрөгийн (34 ам.доллар) хэмжээтэй бэлэн мөнгийг олгох болсноо хэдэн сарын өмнө мэдэгдсэн.

Энэ мөнгө бол Засгийн газраас олгодог хувь хишиг биш юм. Харин монголчууд Эрдэнэс Тавантолгой  хэмээх нүүрс олборлогчийн хувьцаа эзэмшигчийн хувьд хүртэх эрхтэй ногдол ашиг юм.

Баялгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараах Монгол Улсын бодлогын хувьсал нь эрдэс баялгийн салбар дахь төрийн өмчлөл болон орлого хуваарилах практикийн асуудлуудыг өвөрмөц өнцгөөс харах боломжийг олгож байна. Нийгмийн эрүүл мэндийн хямралтай холбоотойгоор төрийн гүйцэтгэх үүргийг шинээр тодорхойлж буй энэ үед дэлхийн олон улс орны засгийн газрууд Монгол Улсын туршлагаас суралцах боломжтой.

Сонгуулийн мөчлөгийг голдуу дагах, баялагтай холбоотой мөнгөн шилжүүлгийн эхлэл

Өнөөдөр Монгол Улсын иргэд төрөөс бэлэн мөнгө аваад сурчихсан гэж хэлж болно. Ялангуяа парламентын сонгуулиас өмнө мөнгө тараах явдал өрнөдөг бөгөөд ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сард болох гэж байна. Энэ байдал наанадаж 2004 оны сонгуулийн кампанит ажлаас эхлэлтэй гэж хэлж болно. Тухайн үед Ардчилсан нам (АН) хүүхэд бүрд 10,000 төгрөгийг сар тутам олгохоо амласан. АН-аас хоцрохгүйн тулд гол өрсөлдөгч болох Монгол Ардын Нам (МАН) шинээр гэрлэсэн хосууд болон шинээр төрсөн хүүхдийн гэр бүлд 500,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоо мэдэгдсэн.

Улс төрийн хоёр нам хамтран эвслийн засгийн газар байгуулах болсон нь хувь заяаны тохуурхал гэлтэй. Амласан мөнгө нь улсын төсөвт байхгүй болохыг АН, МАН хоёр төд удалгүй ойлгов. Улмаар "Хүүхдийн мөнгө хөтөлбөр"-ийг санаачлан, сард нэг хүүхдэд 3,000 төгрөг олгож байхаар зөвшилцөлд хүрсэн. Эхний ээлжид гурваас доошгүй хүүхэдтэй эмзэг бүлгийн өрхүүдийг хамруулах шалгууртай байсан бол удалгүй энэ шалгууруудыг цуцалж, хөтөлбөрт бүх хүүхэд хамрагдах болсон.

Түүхий эдийн үнэ өсөж, Монгол Улс 2006 онд гэнэтийн ашгийн татварыг нэвтрүүлснээр ийм үнэтэй хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бий юу гэх асуулт сарнин арилсан. Энэ татвараас олсон их дүнтэй орлого Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрч байв. Улсын төсвөөс хүүхэд бүрд олгож байсан 3,000 төгрөг дээр нэмээд улирал тутам 25,000 төгрөг нэмж олгож эхэлсэн. Мөн шинээр төрсөн хүүхэд болон шинээр гэрлэгсдэд 2006-2009 оны хооронд 500,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон.
Шат ахисан нь

2008 оны сонгууль болоход АН, МАН хоёул бэлэн мөнгө тараах бодлогыг үргэлжлүүлэх бодлоготой байв. АН нэг удаагийн мөнгөн дэмжлэгийг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлэхээ амлав. Зөвхөн хүүхдүүдэд бус Монгол Улсын иргэн бүрд очих энэ мөнгийг "эрдэнийн хувь" гэж нэрлэсэн.

МАН эхэндээ АН-ын алхмыг эдийн засгийн хувьд боломжгүй хэмээн шүүмжилж байсан ч иргэн бүрд 1.5 сая төгрөгийн "эх орны хишиг" олгох хариу барив. Энэ хоёр хөтөлбөрийн хувьд тодорхой мэдээлэл тэр бүр байгаагүй нь бэлтгэл муутай зарлагдсантай нь холбоотой байсан биз. Эдгээр амлалтад дурдагдсан мөнгийг бэлнээр эсвэл өөр хэлбэрээр тараах, мөн нэг удаа эсвэл тогтмол олгох эсэх талаар мэдээлэл байгаагүй. МАН сонгуульд ялалт байгуулсан ч засгийн газрыг дахин АН-тай эвсэж байгуулсан.

Гэвч улс орныг дэлхийн санхүүгийн хямрал бүрхэж, засгийн газар бэлэн мөнгө олголтыг зогсоосон. Харин сонгогчид улс төрчдийн амлалтыг мартаагүй нь лавтай. Төд удалгүй уул уурхайн хөрөнгө оруулалт огцом өсөж, эдийн засгийн хүндрэл арилснаар ашигт малтмалаас их хэмжээний орлого олох хүлээлт газар авав.

Засгийн газар уул уурхайн орлогыг төвлөрүүлэх шинэ санг байгуулав. 2010 онд байгуулагдсан Хүний хөгжил сан хүүхдэд чиглэсэн мөнгөн тэтгэмжийг орлох илүү өргөн хүрээтэй шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Уг хөтөлбөрийн дагуу жилийн 120,000 төгрөгийн тэтгэмж олгож байсныг иргэн бүрд сар тутам 21,000 төгрөг болгон өөрчилж, 2010-2012 оны хооронд олгосон. Энэхүү мөнгөн шилжүүлгийг хоёр намын сонгуулийн амлалттай уялдуулан "эх орны хувь, хишиг" хэмээн нэрлэсэн. 2012 онд ахмад настнууд нэг сая төгрөгийн дүнтэй нэг удаагийн шилжүүлгийг авсан байдаг.

Баруун солгойгүй бэлэн мөнгө тарааж, зарцуулах явдал нь Монгол Улсын эдийн засгийн их өсөлтийн үетэй давхцаж байв. ДНБ 2011-2013 оны хооронд жилд дунджаар 13.7 хувиар өссөн. Түүнчлэн Монгол Улс 2012 онд Засгийн газрын бондыг арилжиж 1.5 тэрбум ам.долларыг олон улсын хөрөнгийн зах зээлээс анх удаагаа босгосон үетэй давхцаж байв.

Мөнгөний крант хаагдсан нь

Дараагийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, өрийн байдал мэдэгдэхүйц доройтсон. Үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Хүний хөгжлийн сан байсан бөгөөд тус сангаар дамжуулан 2012 онд гэхэд нийт төсвийн орлогын 18 орчим хувийг зарцуулж байв. Тус санд төвлөрсөн нийт хөрөнгийн тал хэсгийг нь л уул уурхайн салбараас олсон орлого эзэлж байсан бөгөөд улмаар тус сан их хэмжээний алдагдал үүрч байв. (Зураг үзнэ үү.)

2012 оны сонгуулийн дараа Засгийн газар бэлэн мөнгө тараах явдлыг танаж эхлэв. Бүх иргэдийг хамарсан бэлэн мөнгө тараалтыг зөвхөн хүүхдүүдэд чиглүүлэн олгох болсон (сар бүр 20,000 төгрөг). Ингэснээр сангийн орлого зарлагын тэнцлийг түр боловч сэргээсэн.

Үүнтэй зэрэгцэн, Улсын Их Хурал төсвийн тогтвортой байдлыг хангах эрмэлзлээ Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 оны эхээр баталж, ашигт малтмалын орлогыг бэлэн мөнгө хэлбэрээр тараах бус харин хуримтлуулах зорилго бүхий бие даасан баялгийн санг байгуулсан. Хүний хөгжил сангийн данс тооцоог хааж, тус шинэ санд 1.071 их наяд төгрөгийн өрийг шилжүүлсэн. 2019 онд Ирээдүйн өв сан өмнөх сангийн үед хуримтлагдсан өрийн дарамтаас ангижирсан тул хадгаламж хуримтлуулж эхлэх боломжтой болсон.

Хүний хөгжлийн сан, 2010-2016
Эх сурвалж: Сангийн яам, Хүний хөгжил сангийн үр дүнгийн үзүүлэлт, www.mof.gov.mn

2017 оны эхээр Монгол Улс ОУВС-тай хэлэлцээр хийх шаардлагатай болж, хүүхдийн мөнгийг зөвхөн эмзэг бүлэгт чиглүүлэн хязгаарлах үүргийг хүлээсэн. Гэсэн хэдий ч 2019 оноос эхлэн төрөөс хүүхэд бүрд сар бүр 20,000 төгрөг төлж, бэлэн мөнгө олгох хөтөлбөрийг сэргээсэн. Энэ оны зургаадугаар сарын сонгуулийн өмнөхөн буюу тавдугаар сард Засгийн газар тус мөнгөн дүнг нэг хүүхдэд 100,000 төгрөг хүртэл нэмэгдүүлж, дор хаяж зургаан сарын хугацаанд олгоно гэж мэдэгдсэн. Үүнийг коронавирусийн цар тахлын эдийн засаг дахь нөлөөг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа.

Бэлэн мөнгө тараалт, ялангуяа хүүхдийн мөнгө ойрын ирээдүйд үргэлжлэх төлөвтэй байгаа нь улс төрийн сонгуульд санал авах арга хэрэгсэл нэгэнт болсонтой холбоотой биз. Харин сонгогчийн саналыг авахад ихээхэн нөлөөтэй байсан өөр нэгэн хэрэгсэл болох иргэн бүрд шууд бэлэн мөнгө тараах явдлыг сөрөг хүчин, эдийн засагчид урт хугацааны үр нөлөө багатай, ихээхэн шаардлагатай төсвийн хөрөнгө оруулалтад очих ёстой мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа хэлбэр хэмээн шүүмжлэх болсон.

Баялгийг бэлэн мөнгө байдлаар хуваарилах төрөл бүрийн аргууд

Улс төрийн ашиг хонжоо их, мөн уул уурхайн үр өгөөжийг илүү эрх тэгш хуваарилах шаардлага байгаа нөхцөлд Монгол Улсад баялгаас олох орлогыг бэлэн мөнгө хэлбэрээр тараах олон тооны аргууд түгээмэл болсон.

Төсвийн зарлагын оргил өсөлтийн үе болох 2011 онд төрийн нэрийн өмнөөс нүүрсний асар том ордыг эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" компанийн 20 хувийг хувьчлах шийдвэр гаргасан бөгөөд иргэн бүр тус компанид 1,072 ширхэг хувьцаа эзэмших болсон. Тухайн үед тус компани их хэмжээний өртэй байсан нь бэлэн мөнгө тараах хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэнтэй холбоотой байв. Олон жилийн турш тус уул уурхайн компани Хятадад нүүрс экспортлох замаар өр төлбөрөө барагдуулсаар ирсэн. 2017 онд өр төлбөр дуусгавар болсноос хойш тус компани илүү ашигтай ажиллах болсон ба 2019 онд бараг нэг их наяд төгрөгийн ашиг олжээ.

Мөн 2011 онд дотоодын аж ахуйн нэгжүүдэд тус компанийн 10 хувийн хувьцааг өгч, нэмэлт 20 хувийг хөрөнгийн бирж дээр гаргахаар анх төлөвлөж байсан. Өнөөдрийг хүртэл эдгээр санаанууд хэрэгжээгүй. 2011 онд хувьцаагаа иргэдэд олгосноос хойш зарим нэг өөрчлөлтүүд бий болсон. Тухайлбал, 2012 оны сонгуулийн өмнөхөн нэг сая төгрөг бэлнээр авсан ахмад настнууд хувьцаагаа Засгийн газарт буцаан өгсөн. Оюутнууд 2011 онд сургалтын төлбөрийн 491,960 төгрөгийг хувьцааныхаа тал хувийг ашиглаж төлж байсан. Зарим иргэд эрүүл мэндийн шимтгэл хэлбэрээр хувь хүртэж, Засгийн газарт хувьцаагаа эргүүлэн худалдсан. Мөн иргэд сайн дураараа хувьцааныхаа гуравны нэгийг 300,426 төгрөгөөр Засгийн газарт худалдаж, бэлэн мөнгө авах боломжтой байсан нь 2016 оны сонгуулийн өмнөхөн иргэдэд бэлэн мөнгө тараах бас нэг арга байв. Иргэд хувьцаагаа Засгийн газарт буцааж худалдахаас өөрөөр хувьцаагаа арилжих боломжгүй юм.

Эцсийн дүнд Монголчуудын гуравны нэг нь (1.08 сая орчим хүн) 1,072 хувьцааг өнөөг хүртэл эзэмшиж байгаа тул 96,480 төгрөгийн (34 ам.доллар) ногдол ашгаа бүрэн хэмжээгээр авах боломжтой. Хувьцаагаа буцааж худалдсан иргэд хувь тэнцүүлэх зарчмаар ногдол ашиг хүртэнэ.

Ногдол ашигтай холбогдох чухал давуу талууд мөн бий. "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлага, цаашилбал төрийн өмчит уул уурхайн компаниудад чиглэсэн хараа хяналт нэмэгдсэн. Тухайлбал, "1072 хувьцаа" хөдөлгөөнөөс тус компанид хувьцаа эзэмшигчдийн нээлттэй хурал хийх, ногдол ашиг зарлах, компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан. Компанийн дэргэд 1072 хувьцаатай холбогдох асуудлаар хандах мэдээллийн төвийг байгуулж, шуурхай утасны үйлчилгээг ажиллуулж байна.

Өөр бусад талууд тус компанид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ижил төстэй арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриалж байна. Гэхдээ эдгээр уриалгууд нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг илүү өргөн хүрээнд шинэчлэх, тэдний үйл ажиллагааг сайжруулахад хүргэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Төр "Эрдэнэс Тавантолгой"-н хамгийн том хувьцаа эзэмшигч буюу 85 хувийг эзэмшдэг хэвээр байна. Засгийн газар компанийн ашигт байдалд нөлөөлж буй шийдвэрүүдийг гаргаж, ногдол ашиг олгох эсэхийг шийдэж байгаа. Иргэд хувьцаагаа зарж чадахгүй байгаа, хүн амын ихэнх хэсэг нь санхүүгийн ойлголт мэдлэг хангалтгүй байгаа зэрэг нь иргэдийн хяналт оролцоо нэмэгдэнэ гэсэн өөдрөг хандлагыг хазаарлаж буй.

Ирээдүйн чиг хандлага мөн үү?

Монгол Улс томоохон эрдэс баялгийн салбараас олсон орлогоо иргэддээ хуваарилах олон аргыг туршиж ирлээ. Эхний жилүүдэд нийтэд таалагдаж байсан ч бэлэн мөнгө тараах явдал нь үр дүн муутай болох нь харагдаж байна. Бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх нь сонгуульд ялахад тустай байсан нь дамжиггүй ч түүхий эдийн үнэ буурахад эдгээр амлалтууд маш их өр төлөөс болж, төсвийн тогтворгүй байдалд хүргэх болсон.

Тиймээс ч улс төрчид 2019 онд Сонгуулийн тухай хуульд аливаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт "уул уурхай, газрын тос, ашигт малтмалын болон бусад салбарын орлогоос иргэдэд бэлэг, хувьцаа, түүнтэй адилтгах хөрөнгийг хуваарилах" амлалтыг тусгайлан хориглох замаар хязгаарлалт хийхийг оролдсон. Гэвч "ногдол ашиг" гэсэн үгийг тус хязгаарлалтад хамруулаагүй бөгөөд "ашигт малтмалын орлого"-оос биш харин компанид "хувьцаа" эзэмших нь ямар ч хуулийг зөрчихгүй. Улмаар төрийн өмчит компаниудын хувьцааг ард иргэдэд шилжүүлж, ашигтай ажиллах тохиолдолд ногдол ашиг хэлбэрээр бэлэн мөнгө олгох явдал ирэх жилүүдэд нэмэгдэж мэдэх юм.

Харин иргэдэд бэлэн мөнгийг тараах шинэ арга хэлбэрүүдийг сэдэхэд улс төрчид ихээхэн анхаарч байгаа явдал нь эрдэс баялгийн үр өгөөжийг жирийн иргэд тэр бүр хүртэж чадахгүй байгаатай холбоотой илүү суурь асуудал гэлтэй. Тус салбарын хөгжил нь ард иргэдийг ядуурлаас ангижруулж чадаагүй, нийт хүн амд ажлын байр, боломжийг тэр бүр олгоогүй. Эдгээр хангалтгүй үр дүнг Засгийн газрын үр ашиггүй, авлигад идэгдсэн төсвийн зарцуулалттай холбохын сацуу бэлэн мөнгө тараах асуудлыг нэгэн шийдэл гэж харах нь бий. Уул уурхайн компаниудын хувьцааг эзэмшсэнээр улс орны эрдэс баялгийн өвийн үр өгөөжөөс хувь хүртэх эрх зүйн үндэс бүрдэж байгаа төдийгүй ашиг шимийг нь хүртэж байна гэсэн төсөөллийг үүсгэж байгаа явдал нь чухал ач холбогдолтой байж болно.

Гэхдээ иргэд өөрсдийн эзэмшиж буй хувьцаагаар дамжуулан уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах шаардлагыг ажил болгож чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Нүүрсний эрэлт буурч, Монголын хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг эрсдэлд оруулах эсэх нь мөн тусдаа том асуудал юм.
 
Намхайжанцангийн Дорждарь нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер, Дэвид Михайли нь тус байгууллагын эдийн засгийн ахлах шинжээч юм.

Зургийг Ганхуягийн Өсөхбөяр, Unsplash