Image placeholder

Монгол Улсад гэрээг ил болгох явдлыг эрчимжүүлэх нь

English »

Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Монгол Улсын Засгийн газар “нийтийн баялгийг ашиглах талаар байгуулсан гэрээнүүдийн ил тод байдлыг хангах” үүргийг хүлээсэн байдаг. Зарим ахиц дэвшил гарсан хэдий ч чухал олон гэрээнүүд нууц хэвээр байгааг бодлогын шинэ хураангуйд миний бие тэмдэглэсэн болно.

Олборлох салбарыг дагалдах эрсдэл, үр өгөөжийн талаар мэдэж байх болон хүлээсэн үүргээ биелүүлэхийг төр засаг, компаниудаас шаардахын тулд иргэд уул уурхай, газрын тосны гэрээ хэлэлцээртэй танилцах боломжтой байх нь чухал.

Нээлттэй Нийгэм Форумын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албатай хамтран байгуулсан Монгол Улсын эрдэс баялгийн гэрээний мэдээллийн санд одоогоор 274 гэрээг байршуулж нийтэд ил болгоод байна. Эдгээр гэрээний дийлэнхийг ус, газрын ашиглалт, байгаль орчны хамгаалал, дэд бүтэц хөгжүүлэлт, ажил эрхлэлт зэрэг асуудлын орон нутагт хамаарах харилцааг зохицуулж, орон нутгийн засаг захиргааны зүгээс байгуулсан байна.

Орон нутгийн эдгээр гэрээ чухал ач холбогдолтой. Гэхдээ төсөв, байгаль орчин, нийгмийн иргэдэд хамгийн ихээр нөлөөлдөг асуудлуудыг зохицуулсан гэрээнүүдийг үндэсний засгийн газрын түвшинд хийдэг бөгөөд Рио Тинто-ийн эзэмшдэг Оюу Толгойн зэс алтны томоохон уурхайн төсөлтэй холбоотойгоос бусад энэ түвшний гэрээнүүд нууц хэвээр байна.

Гэрээний талуудын хүлээх үүрэг хариуцлагыг үнэлж ойлгохын тулд иргэд байгуулагдсан гэрээнүүдийн талаар бүрэн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Учир нь нэмж байгуулсан гэрээ бүр анхны тохиролцоонд шинэ давхарга үүсгэж, ээдрээг нэмэгдүүлдэг. Харамсалтай нь, Монголд гэрээний тогтолцоо, түүний бүтэц далд хэлбэртэй байсаар байна. Газрын тосны салбарт гэхэд 25 идэвхтэй талбайд 23 компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан хэдий ч нэг нь ч ил болоогүй байна.

Уул уурхайн салбарын хувьд 3000 орчим хүчинтэй лиценз-тэй холбоотой хэдэн гэрээ байгуулагдсан байдгийг олон нийт мэддэггүй. Зарим уул уурхайн компаниуд зөвхөн ашиглалтын лиценз эзэмшин бүх үйл ажиллагаагаа явуулдаг бол зарим нь үндэсний болон орон нутгийн засаг захиргаатай (мөн заримдаа төрийн өмчит компанитай) олон тооны нэмэлт гэрээг байгуулдаг. Гэхдээ аль компани ямар гэрээний дагуу ажиллаж байгаа талаарх мэдээлэл нээлттэй биш юм.

Гэрээг ил болгох нь зөвхөн иргэдэд хэрэгтэй зүйл биш юм. Ил тод байдлыг хангаснаар олон нийтийн итгэл нэмэгдэж, салбарыг зохицуулж буй дүрэм журмыг хэлэлцэх, хянах, хэрэгжүүлэх чадавх бэхжиж, холбогдох албан тушаалтнууд үүрэг хариуцлагаа биелүүлэхэд шаардлагатай, тохиролцсон нөхцөлүүдийн талаарх мэдээллийг авах боломж бүрддэгийг дэлхийн олон улсын төр засаг олж харсан байдаг. Улмаар 44 улс олборлох үйлдвэрлэлийн нэг ба түүнээс дээш тооны гэрээг ил болгоод байгаа бол 27 улс ил тод болгохыг шаардсан хуультай болоод байна.

Түүнчлэн компаниудын хувьд гэрээний ил тод байдал нь "үйл ажиллагаа явуулах нийгмийн лиценз"-ийг олж авахад дэм болж, улмаар төслүүдийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд тустай байх олон нийтийн харилцаа холбоог бэхжүүлж өгдөг. Гэрээг нийтлэх нь удаа дараагийн засгийн газрууд дахин хэлэлцээ хийхийг оролдож, улмаар үйл ажиллагаанд хүндрэл учрах эрсдэлийг багасгадаг болохыг салбарын зүгээс хүлээн зөвшөөрөх явдал улам бүр нэмэгдэж байна.

Монголд ажиллаж буй Рио Тинто, Орано гэх мэт компанийг эгнээндээ нэгтгэсэн уул уурхайн салбарын байгууллага болох Уул уурхай, металлын олон улсын зөвлөлийн Ерөнхий захирал Том Батлерын хэлсэнчлэн, “Нээлттэй, ил тод гэрээг ч дахин хэлэлцэж болох хэдий ч гарын үсэг зурсан мөчөөс эхлэн гэрээ олон нийтийн хяналтад орох учраас ийм эрсдэл багасдаг” байна.

Тиймээс олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэх 18 компани ил тайлагнах явдлыг дэмжиж буйгаа олон нийтэд мэдэгдсэн. Тухайлбал, Рио Тинто компани 2018 оны 11-р сард ил тод байдлын тухай мэдэгдэл хийж, боломжтой гэрээг нийтлэх үүргийг хүлээгээд зогсохгүй ил тайлагналыг зөвшөөрөхийг засгийн газруудад уриалсан юм.

Тэгвэл Монгол Улсад гэрээг нээлттэй болгох ажлыг эрчимжүүлж юуг хийж болох вэ? Бодлогын хураангуйд гэрээний ил тод байдлыг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн таван алхмын талаар дурдсан.

  • Нэгдүгээрт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас засгийн газар, төрийн өмчит компаниудын газрын тос, уул уурхайн компаниудтай байгуулсан хүчинтэй байгаа бүх гэрээний шинэчилсэн жагсаалтыг нийтлэх шаардлагатай.
  • Хоёрдугаарт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нийтэд ил болгох гэрээний цар хүрээ, арга замыг тодорхойлох ёстой. Бодлогын хураангуйд ил болгох гэрээ, дагалдах баримт бичгийг нарийвчлан дурдсан болно.
  • Гуравдугаарт, гэрээнүүдийг нийтлэх бөгөөд тэдгээрийг олох, үзэх, ашиглахад хялбар болгох. Ашиглахад хялбар байдлаар гэрээг ил болгосон сайн жишээнд Гана болон Мексик-ийн үүсгэсэн сайтуудыг нэрлэж болно.
  • Дөрөвдүгээрт, төр засгийн зүгээс ил тайлагналыг ойрын үед эхлүүлж, алс хэтдээ системтэйгээр, тэгш байдлаар хэрэгжүүлэх явдлыг хангахын тулд гэрээний ил тод байдлыг хуульчлах боломж мөн нээлттэй байна.
  • Эцэст нь, гэрээ, тусгай зөвшөөрлүүдийг нийтэд ил болгосноор Монгол Улсын хүчин чармайлт дуусахгүй. Төр засаг, компаниуд, иргэд бүгд гэрээний ил тод байдлын ашиг тусыг хүртэхийн тулд гэрээний ашиглалтыг урамшуулсан санаачилгуудыг Монгол Улсын Засгийн газар дэмжин ажиллах хэрэгтэй.

Роб Питман нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн засаглалын мэргэжилтэн юм.

Authors